МЭНДЧИЛГЭЭ

Манай веб сайтаар зочилж Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцан, бидэнтэй ямагт хамтран, дэмжин ажиллаж байдаг Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн даяарчилал нь хил хязгаарыг үл харгалзан хүн төрөлхтнийг улам бүр харилцан шүтэлцээ, хамааралтай болж байгаа өнөө үед стандарт нь үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн амжилтанд хүрэх чухал хэрэглүүр болж, өндөр технологи, шинэ арга барилгыг нэвтрүүлэхэд хөгжлийн түлхүүрийн үүрэг гүйцэтгэж байна.
Стандарт, хэмжил зүйн салбарын хамт олон бид Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, баталгаажуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх болон олон улсын нийтлэг чиг хандлагтай уялдуулан хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан манай газар “Өндөр сэтгэл ханамжийн төлөө” уриан дор үйл ажиллагаагаа хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд улам нийцүүлэх, тэдний сэтгэл хангамжийг өндөр байлгахыг зорилтоо болгон ажиллах үүргийг авлаа.
Хэрэглэгчийн өндөр сэтгэл ханамжийг үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд бий болгох экспортын чиг баримжаатай, төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайжруулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Үндэсний чанарын бодлого хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулж, хэрэгжилтийг хангах, бэлтгэх ажлыг зохион байгуулах нь бидний энэ жилийн томоохон зорилт юм.
Сахилга хариуцлагатай, манлайлан удирдах төрийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө байгууллагын удирдлагын тогтолцоог шинэчлэн сайжруулах зорилт тавин ажилласаны үр дүнд Чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ИСО 9001 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж Францын AФНОР/AFNOR/ Стандартчиллын байгууллагын аудитын шалгуурт тэнцэж N2015/68385.1 тоот Баталгаажуулалтын гэрчилгээгээ авлаа. Монгол улсын Төрийн захиргааны төв байгууллагаас анх удаа олон улсын аудитад тэнцэж ISO 9001 сертификат авснаар олон улсын менежментийн нийтлэг хэм хэмжээг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг байгууллага боллоо.
Стандарт, хэмжил зүйн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Европын стандарт, нормыг нутагшуулах, улмаар бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэвтрүүлэх, чанарын дэд бүтцийн салбарт бүтцийн шинэчлэл хийхээр” Монгол Услын стандартчиллалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Монгол Услын стандартчилал, тохирлын үнэлгээ, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн орчин боловсронгуй болгох, төр, хувийн хэвшил, хэрэглэгчдийн уялдаа холбоог сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 40 гаруй арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Стандарт, хэмжил зүйн газар нь өнгөрсөн онд хөрш орнууд Оросын Холбооны улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаа. Бид стандарт, итгэмжлэл, сорьцын хяналт, баталгаажуулалт, хэмжлийн тус бүрийн салбараар олон улсын 6, бүс нутгийн 8 байгууллагад байнгын гишүүнчлэлтэй. Олон талт болон хоёр талын 21 байгуулагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллах болсон нь олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрөгдөх болсны баталгаа юм.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл хөдөлмөрт үнэтэй хувь нэмрээ оруулах тул бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА

ГАЛБАДРАХЫН ГАНТӨМӨР

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он