СТАНДАРТЧИЛЛЫН ТЕХНИКИИН ХОРООНЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн 7.1 дэх заалтын дагуу байгуулсан стандартчиллын техникийн болон дэд хороо (цаашид “хороо” гэх) -ны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, удирдлага, гишүүнчлэл, гишүүдийн эрх, үүрэг, стандартчиллын үйл ажиллагаатай холбоотойгоор техникийн хороонд оролцогч тал болон стандартчиллын төв байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Стандартчиллын хороо нь үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төслийг боловсруулах, хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус хороо мөн.
  3. Стандартчиллын хороо нь үйл ажиллагаандаа “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиуд болон бусад хууль тогтоомж, ММЗ 1-1 : 2006, ММЗ 1-2 : 2006 “Монгол Улсын стандартчиллын тогтолцоо” —ны суурь стандарт, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
  4. Хороо нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлана. Үүнд:

-       хууль, тогтоомжийг дээдлэх;

-       хараат бус, бие даасан байх;

-       ашиг сонирхлын зөрчилгүй байх;

-       бие биенээ хүндэтгэх;

-       зарчимч, шударга байдлыг эрхэмлэх;

-       асуудалд бодитой, үндэслэлтэй хандах.

Хоёр. Нэр томьёо

  1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн нэр томьёог “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйл, “МИЗ 1-1:2006 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо” стандартад заасны дагуу тус тус ойлгоно.
    1. “Р” гишүүн

хорооны хүрээнд санал авахаар албан ёсоор танилцуулсан бүх асуулт болон стандартын төсөл, эцсийн төслийн талаар саналаа өгч, хуралдаанд оролцох үүрэгтэйгээр тухайн ажилд идэвхтэй оролцох гишүүн.

  1. “О” гишүүн

Хорооны баримт бичгийг авч, тайлбар оруулах болон хуралдаанд ажиглагчийн хувиар оролцох эрхтэй гишүүн.

Гурав. Хорооны бүтэц, зохион байгуулалт

  1. Техникийн хороо (ТХ), Дэд хороо (ДХ) -г шинээр байгуулах, татан буулгахад “ММЗ 1-1:2006, Монгол Улсын стандартчиллын тогтолцоо" стандартын 3.2.2 дэд зүйлийг баримтлана.
  2. Хороо нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, /үйлдвэрлэгч, хэрэглэгч/ шинжлэх ухааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн гэсэн бүтэцтэй байна.
  3. Ажлын үр ашиг, сахилга, хариуцлагыг хангахын тулд техникийн болон дэд хороо нэг бүрийн ажилд хэрхэн буюу ямар эрх зүйн байдалтайгаар оролцохоос шалтгаалан гишүүнийг жинхэнэ (Р), ажиглагч (О) гишүүн гэж ангилна.
  4. Гишүүн нь байнга идэвхгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 хурлыг тасалсан эсхүл бичгээр саналаа өгөөгүй бол Стандартчиллын төв байгууллагын Стандартчиллын нэгжээс хорооны ажилд идэвхтэй оролцох талаар эрх, үүргийг сануулна. Сануулга хангалттай үр дүнгүй тохиолдолд тухайн байгууллагад мэдэгдэн Р гишүүний эрхийг О гишүүн болгоно. Эрх зүйн байдал нь өөрчлөгдсөн байгууллага дахин Р гишүүн болох хүсэлтээ 12 сарын дараа стандартчиллын нэгжид тавьж болно.
  5. Стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүнийг холбогдох байгууллагын саналыг үндэслэн стандартчиллын асуудал хариуцсан нэгж шүүж, нэгтгэсний дагуу Стандартчилал, хэмжил зүйн газрын Даргын тушаалаар батална.
  6. Хорооны жинхэнэ гишүүдийн 50-аас ихгүй хувь нь төрийн байгууллагын төлөөлөл байна.
  7. Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
  8. Хорооны хуралдааны үйл ажиллагааг дэгээр зохицуулах бөгөөд дэгийг стандартчиллын асуудал хариуцсан нэгж боловсруулан, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга батална.
  9. Хорооны Р (жинхэнэ) гишүүдийн 2/3 -оос доошгүй хувь нь ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.
  10. Хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүн хэлэлцэх асуудлаар саналаа бичгээр ирүүлж болно. Бичгээр санал ирүүлсэн эхний 3 гишүүнийг хуралдаанд оролцсоноор тооцно.
  11. Техникийн хорооны хуралдаанд оролцсон Р гишүүдийн 75 хувь дэмжсэн дүгнэлтийг хүчинтэйд тооцно.
  12. Хуралдааныг даргалагч нь оролцогч талуудын зөвшилцөлд хүрсэн дүгнэлт гаргахын тулд бүх гишүүдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог хангана.
  13. Салбар дундын шинжтэй стандартын төслийг холбогдох хороо хамтран хуралдаж дүгнэлт гаргах бөгөөд тухайн хуралдааныг гишүүдээс санал хурааж олонхийн санал авсан гишүүн даргална.
  14. Стандартчиллын техникийн хорооны ээлжит хуралдааныг тогтмол хугацаанд зохион байгуулахаар төлөвлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг стандартчиллын асуудал эрхэлсэн нэгжийн санаачилгаар зохион байгуулж болно.
  15. Хороо нь жилд 1 удаа Стандартчиллын төв байгууллагад тайлангаа тавина.
  16. Хороо нь стандартын төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
  17. Ажлын хэсгийн ажпын удирдамжийг техникийн хорооноос боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан нэгжийн даргаар батлуулна.
  18. Хорооны дүгнэлтийг Дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж “ММЗ 1-1:2006, Монгол Улсын стандартчиллын тогтолцоо” стандартын А.4 хавсралтад заасны дагуу баталгаажуулсан байна.
  19. Хороо нь бусад байгууллагуудтай харилцахдаа Стандартчиллын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан ажиллана.

 

Дөрөв. Эрх, үүрэг, хариуцлага

  1. Стандартчиллын хорооны гишүүн дараах үүрэг, хариуцлага хүлээнэ.

-       хорооны хуралдаан, томилогдсон ажлын хэсгийн хуралд хүрэлцэн ирж оролцох;

-       хууль, тогтоомж, холбогдох стандарт, энэхүү дүрэм, хуралдааны дэгийг чанд сахих, хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, шаардлагатай тохиолдолд стандартчиллын зөвлөлийн хуралдаанд оролцох;

-       хуралдааны явцад хэлэлцэж буй стандартын төслийн талаар санал, дүгнэлтээ хэлэх, шүүлт хийх;

-       хорооны гишүүний эрхийн хүрээнд олж авсан байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийн нууцыг чандлан хадгалах;

-       хорооноос байгуулсан ажпын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллахдаа үүргээ үнэнч шударгаар биелүүлж, ёс зүйг сахих;

-       хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй, хүндэтгэлтэй хандаж байх;

-       аль нэг байгууллага, иргэний явцуу эрх ашгийг хамгаалахгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх, хэрэв ямар нэгэн хамаарал бүхий бол санал хураалтад оролцохгүй байх

-       гишүүн өөрөө хүсэлт гаргасан, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол гишүүнийг хорооны бүрэлдэхүүнээс хасна.

  1. Хорооны дарга, нарийн бичгийн дарга дараах үүрэг, хариуцлага хүлээнэ.
  2. Хорооны дарга:

-       аль нэг байгууллагын эрх ашиг, үзэл бодлыг илэрхийлэхгүй байх;

-       хороо болон ажлын хэсгүүдийн удирдлагыг нэгтгэн хариуцах;

-       хуралдааны товыг тогтоон хуралдааныг үр дүнтэй удирдан явуулах;

-       хуралдаан дээр гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэн дүгнэж, хуралдаанд оролцогчдод тайлбарлан ойлгуулах;

-       хуралдааны дүгнэлтийг тодорхой томьёолон санал хураах.

  1. Нарийн бичгийн дарга:

-       стандартын шинжээчийн үүргийг гүйцэтгэх;

-       хорооны хуралдааныг зарлан хуралдуулах, гишүүдэд мэдэгдэх;

-       хуралдааны бэлтгэлийг зохих журмын дагуу хангах;

-       хуралдааны тэмдэглэл хөтлөх;

-       стандартын төслийг хянан боловсруулж бэлтгүүлэх, техникийн түвшинд нь үнэлгээ өгөх, шүүлт хийх, батлагдсан стандартын холбогдолтой материалыг Стандартын мэдээллийн төвд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах;

-       хариуцсан салбарын чиглэлээр үндэсний болон олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах;

-       сургалт эрдэм шинжилгээний ажлын холбоог бэхжүүлэх талаар санал боловсруулах, гадаад дотоодын харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах талаар санал боловсруулан хууль тогтоомжийн хүрээнд ажиллах;

-       хорооны дарга, нарийн бичгийн дарга гишүүнийг түтгэлзүүлэх тухай санал оруулж болно.

  1. Стандартчиллын техникийн хорооны үйл ажиллагаанд оролцогчид нь дараах нийтлэг эрхийг хэрэгжүүлнэ.

-       салбарын стандартчиллын ажлын хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлоход оролцох, ажпын үр дүнг хэлэлцэж, санал өгөх;


-       стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан стандартчиллын хөтөлбөр, стандартчиллын ажлын төлөвлөгөөний биелэлт, техникийн хорооны үйл ажиллагааны тайлантай танилцаж санал, дүгнэлт гаргах;

-       стандартчиллын чиглэлээр хурал, зөвлөгөөн, сургалтад хамрагдах, хамтран ажиллах;

-       стандартын мэдээлэл, лавлагааны төвөөс шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангагдах;

-       хорооны гишүүнээс татгалзах, түтгэлзэх.

Тав. Зардлын санхүүжилт

  1. Хорооны үйл ажиллагааг явуулах бичиг хэргийн, хуралдааны (гишүүдийн урамшуулал, цайны зардал) болон сурталчилгааны зардал зэргийг жил бүрийн төсөвт тусгуулан Стандартчиллын төв байгууллагын даргын шийдвэрээр зохих журмын дагуу зарцуулна.
  2. Хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг сонирхогч байгууллага хуулийн хүрээнд санхүүжүүлж болно.

Зургаа. Бусад зүйл

  1. Техникийн хорооны дарга, гишүүнийг стандартчиллын үйл ажиллагаанд оролцоход нь стандартчиллын төв байгууллага бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх бөгөөд уг үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган үр дүнтэй ажилласан гишүүнийг стандартчиллын байгууллагын болон салбарын шагналаар шагнуулах ажпыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.
  2. Техникийн хорооны дарга, гишүүнийг стандартчиллын ажлын шугамаар гадаад, дотоодод албан томилолтоор ажиллуулж болно.
  3. Стандартчиллын техникийн хороо нь өөрийн шагналтай байж болох бөгөөд шагналын төрөл, олгох журмыг Стандартчиллын төв байгууллага тогтооно.

 

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он