6          Гадаадын стандарт, баримт бичгийг хэрэглэх

6.1     Аж ахуйн нэгж, байгууллага нь олон улс, бүс нутаг, гадаад улсын стандарт, баримт бичгийг дараахь аль нэг журмаар авч хэрэглэнэ. Үүнд:

  1. Монгол Улсын үндэсний стандарт болгох (цаашид “үндэсний болгох” гэнэ);
  2. “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” Монгол улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Стандартчиллын төв байгууллагад бүртгүүлэн хэрэглэх;
  3. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол улсад хэрэглэхээр зааснаас өөр стандарт, аргачлал, зааврыг нэг жил хүртэл хугацаагаар түр хэрэглэх зөвшөөрлийг Стандартчиллын төв байгууллагаас авах

6.2     Гадаадын стандартыг үндэсний болгон хэрэглэхэд энэхүү стандартын 5 дугаар бүлэгт заасныг баримтална.

6.3      Гадаадын дэвшилттэй стандартыг Стандартчиллын төв байгууллагад дараахь журмаар бүртгүүлэн хэрэглэнэ. Үүнд:

1)  Сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага нь “Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх тухай өргөдөл”-ийг В.1 хавсралтын дагуу гаргаж, холбогдох стандартын эх хувь, монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг тус бүр нэг хувь хавсарган Стандартчиллын төв байгууллагад оруулна.

2)  Стандартчиллын төв байгууллагын Стандартчиллын холбогдох нэгж нь дээрх өргөдөл, стандарт, орчуулгад шүүлт хийж, зохих шаардлага хангасан тохиолдолд уг стандартыг тусгай бүртгэлд бүртгэж, “Гадаадын стандарт хэрэглэх бүртгэлийн мэдэгдэл”-ийг В.2 хавсралтын дагуу олгож, холбогдох стандартын эх хувь, түүний орчуулгыг лавлагаа болгон хадгална.

6.4    Монгол улсад хэрэглэхээр зааснаас өөр стандарт, аргачлал, зааврыг түр хэрэглэх зөвшөөрлийг авахад дараахь журмыг баримтална. Үүнд:

1) Сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага нь “Стандарт, аргачлал, заавар түр хэрэглэх зөвшөөрлийн өргөдлийг В.3 хавсралтын дагуу гаргаж, холбогдох баримт бичгийн эх хувь, монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг тус бүр нэг хувь хавсарган Стандартчиллын төв байгууллагад оруулна.

2)  Стандартчиллын төв байгууллагын Стандартчиллын холбогдох нэгж нь дээрх өргөдөл, баримт бичиг, орчуулгад шүүлт хийж, зохих шаардлага хангасан тохиолдолд уг баримт бичгийг тусгай бүртгэлд бүртгэж, “Стандарт, аргачлал, заавар түр хэрэглэх зөвшөөрөл”-ийг В.4 хавсралтын дагуу олгож, холбогдох баримт бичгийн эх хувь, түүний орчуулгыг лавлагаа болгон хадгална. 

 

В.1, В.2, В.3 Хавсралтыг татаж авах

В.4 Хавсралтыг татаж авах

 

 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он