ХЭМЖИЛ ЗҮЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
 
Хэмжил зүйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголт, хугацаа сунгалтын технологи ажиллагаа
 
1 Хэмжил зүйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах эрх зүйн үндэслэл:
 
     - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.17.1 дэх заалт;
     - Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл;
  - Монгол улсын Үйлдвэр, худалдааны сайдын тусгай зөвшөөрөлтэйгээр суурилуулах хэмжих хэрэгслийн жагсаалтыг баталсан тухай 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тушаал.

2 Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр төлөх эрх зүйн үндэслэл:
 
- Улсын Их Хурлаас 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-д 31.1. дэх заалтаар “Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200000-500000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана” гэж өөрчлөн найруулга оруулсан. 31 дүгээр зүйлийн дээрх өөрчлөлтийг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар оруулсан.
- Хэмжил зүйн тусгай зөвшөөрөл олголттой холбогдон гарах ямарваа зардлыг төсвөөс санхүүжүүлдэггүй тул Стандартчилал, хэмжил зүйн газраас төв, орон нутгийн аж ахуйннэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсэг очиж ажиллах унаа, томилолтын зардлыг тухайн захиалагч аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
- Аж ахуйн үйл ажиллгаааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шинээр, эхний удаа 3 жилийн хугацаатай олгох бөгөөд энэ хугацаанд хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн гэрээг тусгай зөвшөөрөл олгогч болон тусгай зөвшөөрөл эрхлэгч талуудын хооронд байгуулна.  

3 Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн хэлбэр.
 
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу:
1)  Худалдаа үйлчилгээний тооцоо;
2)  Хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;
3)  Байгаль орчны хамгаалал;
4) Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах ажил, үйлчилгээ эрхлэх аж  ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөл авна.

4 Тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
 

Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл, маягтууд /Хавсралт-дарж татаж авна уу/;

Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, тусгай зөвшөөрөлд хамаарах хэмжих хэрэгслийн судалгаа, гэрээ, графикийн дагуу гүйцэтгэх ажлын жил жилийн хэмжээ;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

Нийгмийн даатгалын ерөнхий газраас, ажил олгогчоор бүртгүүлсэн, нийгмийн даатгалын тайланг тогтмол гаргадаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, шимтгэлийн өргүй тухай лавлагаа албан бичиг;

• Ажлын байрны нөхцөл, орчны тодорхойлолт /Хавсралт маягт.2./;

• Мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн товч анкет, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, хэмжил зүйн сургалтад хамарсан байдал /Хавсралт маягт 5./;

• Эталон хэмжих хэрэгсэл болон ажлын багаж, тоног төхөөрөмжийн хангалт, тэдгээрийн хэмжил зүйн үзүүлэлт, хэвийн ажиллагаа, ээлжит нэгж дамжуулалт, шалгалт тохируулга, улсын баталгаажуулалтад хамарсан байдал /Хавсралт маягт 3; 3а/;

• Ажил, үйлчилгээнд мөрдөх хууль, дүрэм, журам, улсын стандарт, хэмжих хэрэгслийн ашиглалтын заавар, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах технологийн заавар /Хавсралт маягт 4/;

• Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ буюу үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах хэмжих хэрэгслийн нэр төрөл, загвар, хэмжих хязгаар, зөвшөөрөгдөх алдаа, нарийвчлалын анги /Хавсралт маягт 1/;

• Хэмжил зүйн тусгай зөвшөөрөлтэй ажил, үйлчилгээ эрхлэх талаар Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулсан гэрээ, энэхүү гэрээний дагуу улсын тэмдэгтийн хураамж, ажлын хэсгийн зардлыг төлсөн баримт. 

5 Тусгай зөвшөөрөл олгох технологи үйл ажиллагааны дэс дараалал, хугацаа:

5.1.Хэмжил зүйн төв байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын иж бүрдэл бичиг баримт, өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор асуудлыг нарийвчлан судлаж  шийдвэрлэнэ.

5.2. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад хэмжил зүйн зөвлөлийн дүрмийг үндэслэн, тусгай зөвшөөрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг томилогдон ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Хэмжил зүйн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхгүйгээр Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга, Хэмжил зүйн бодлого, эталоны хэлтсийн даргад танилцуулан шийдвэрлэнэ.

5.3. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, шинээр олгох технологи үйл ажиллагааны дэс дараалал нь:

а/ Хэмжил зүйн тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь СХЗГ-т хандаж, байгууллагын цахим хуудаснаас буюу тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээс заавар, зөвлөгөө, тусгай зөвшөөрөл бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт авах;

б/ Тусгай зөвшөөрлийн иж бүрдэл бичиг баримтыг боловсруулан СХЗГ-т ирүүлэх;

в/ СХЗГ-ын албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу ирүүлсэн бичиг баримтад газрын дарга цохолтоор тусгай зөвшөөрөл хариуцсан ажилтанд шилжүүлнэ;

г/ Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ажилтан аж ахуйн нэгжийн ирүүлсэн тусгай зөвшөөрлийн бичиг баримтад үзлэг, шүүлт хийнэ;

д/ Шаардлага хангасан бичиг баримт ирүүлсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагад очиж мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамжийг батлуулна. Тусгай зөвшөөрлийн бичиг баримтын  шаардлага хангаагүй тохиолдолд бүрэн бүрдүүлэх талаар СХЗГ-аас албан бичгээр болон холбогдох ажилтанд мэдэгдэнэ;

е/ Ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгж, байгууллага дээр ажиллаж, түүнд өгөх үүрэг, зөвлөмж, тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах эсэх талаар мэргэжлийн урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна;

ж/ Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын хэсгийн өгсөн үүргийг хэрэгжүүлсэн эсэх, түүний мөрөөр ямар ажил гүйцэтгэсэн талаар хариу мэдэгдэнэ. СХЗГ-ын нэхэмжлэлийн дагуу тэмдэгтийн хураамж, ажлын хэсгийн томилолт, унааны зардлыг төлсөн баримтын хамт СХЗГ-т ирүүлнэ;

з/ Ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар танилцуулга, мэргэжлийн дүгнэлтийн бичиг баримтыг бэлтгэж, СХЗГ-ын Хэмжил зүйн зөвлөлийн хуралд танилцуулна;

и/ Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ажилтан Хэмжил зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын тушаалын төслийг боловсруулж батлуулна;

к/ Тушаалын дагуу “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ”-г Стандартчилал, хэмжил зүйн газрын даргаар батлуулна.

л/ “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г боловсруулан аж ахуйн нэгжид хүргэж талууд баталгаажуулна.

м/ Хэмжил зүйн зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг, зөвлөмжийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлсэн, тэмдэгтийн хураамжийн төлбөрийг татварын байгууллагын дансанд шилжүүлсэн бол тусгай зөвшөөрөл олгосон тушаал, гэрчилгээг гэрээний хамт СХЗГ-аас тухайн аж ахуйн нэгж, байгууллагад албан ёсоор олгоно.

Тусгай зөвшөөрлийг олгох байгууллагын нэр: Стандартчилал, хэмжил зүйн газар.

Тусгай зөвшөөрлийн ажлыг хариуцсан ажилтан:

Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлого, эталоны газрын ахлах мэргэжилтэн Д.Бадамханд.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-13343, Энхтайвны өргөн чөлөө 46А,  Баянзүрх дүүрэг, Жуковын музейн баруун талд Стандартчилал, хэмжил зүйн газар

Холбоо барих утас: өрөө: 264851, Факс: 263998, 458032, http:// www.masm.gov.mn,  

Е-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

ХЭМЖИЛ ЗҮЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ЗАСВАРЛАХ, СУУРИЛУУЛАХ, ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он