ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ

Үйл ажиллагааны гол зорилго:

Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.

Чиг үүрэг:

Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх.
Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.
Хэмжих хэрэгслийн загварын туршилт, хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн ажлын хэсэгт оролцон хэмжил зүйн зөвлөлийн хуралд оруулж танилцуулах.

Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?

Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж,баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.

Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хамрах хүрээ

Дараахь үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна:

1/ худалдаа, үйлчилгээний тооцоо;
2/ хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;
3/ байгаль орчны хамгаалал;
4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах.

Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэн гүйцэтгэх вэ?

- Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх, үйлдвэрлэл, засвараас гарсны дараа, мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад улсын баталгаажуулалтад заавал хамруулах бөгөөд баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллага хийнэ.

- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ.

- Хэмжил зүйн төв байгууллага буюу Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, батлагаажуулалтын хэлтсийн :

  • Цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
  • Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
  • Дулаан, даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;
  • Эзэлхүүний хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори;

- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг Хэмжил зүйн төв байгууллагаас хэмжүүрийн улсын шалгагчийн эрх олгосон ажилтан шалгах аргын улсын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.

ТӨРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТАД ЗААВАЛ ХАМРАГДАХ ХЭМЖИХ ХЭРЭСЛИЙН ЖАГСААЛТ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он