МОНГОЛ УЛСЫН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГА 

 

        Монгол улсад итгэмжлэлийн тогтолцоо анх 1994 онд “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай” хууль батлагдсанаар бий болсон ба лабораторийн итгэмжлэлийн үйл явц нь 1995 оноос эхтэй бөгөөд энэ   хугацаанд итгэмжлэлийн үйл ажиллагааг сорилт, шалгалт тохируулга, эмнэлгийн лаборатори, бүтээгдэхүүн,   удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагын чиглэлээр явуулж байна.
Геологийн төв лаборатори, Говь ХК-ийн лабораториуд 1995 онд, “Барилга архитектур” корпораци барилгын   материал, бүтээгдэхүүний, Эм, эмчилгээний сорилтын лаборатори эмийн бүтээгдэхүүнийг баталгаажуулах   чиглэлээр 1997 онд итгэмжлэгдсэн анхны тохирлын үнэлгээний байгууллагууд болж байжээ.

     2003 онд Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль батлагдсан ба 3 дугаар бүлэгт итгэмжлэл болон  тохирлын үнэлгээний зорилго, төрөл, зарчмыг тодорхойлсон. Ингэснээр Монгол Улсын итгэмжлэлийн   байгууллага олон улсын стандартын байгууллагаас гаргасан итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий   шаардлага стандартын дагуу үйл ажиллагаа явуулж ирлээ.

      Монгол Улсын итгэмжлэлийн байгууллага нь 2012 оны 6 дугаар сард APLAC ба ILAC-ын Харилцан хүлээн    зөвшөөрөх хэлэлцээрт сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн чиглэлээр нэгдсэн.

      Өнөөгийн байдлаар Монгол Улсын итгэмжлэлийн байгууллага нь 200 гаруй тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжилсэн бөгөөд сүүлийн 5 жилд 80 орчим байгууллага шинээр итгэмжлэгдсэн байна. Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын 70 орчим хувь нь сорилтын лаборатори байна.    

     “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, цахилгаан, дулаан түгээх сүлжээ компани зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд дэргэдээ хэмжил зүйн албыг байгуулан ажиллаж байгаагаас 20 орчим лаборатори хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын чиглэээр итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд ЭМЯ-тай хамтран ажиллах төлөвлөгөөг баталснаар эмнэлгийн лабораториудыг итгэмжлэх ажил үе шаттайгаар хийгдэж байна.

     Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 196 тогтоолын дагуу Монгол Улсын итгэмжлэлийн байгууллагыг IAF (Олон улсын итгэмжлэлийн форум)-д гишүүнээр элсэх ажлыг хийж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд ISO 9001, ISO 14001, ISO 18001, HACCP зэрэг удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улс, бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх талаар идэвхитэй ажиллаж байгаа энэ үед энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж чадах бүтээгдэхүүн, тогтолцоо, ажилтны баталгаажуулалтын итгэмжлэгдсэн байгууллагын үүрэг их байна.

 

ТА БҮХНИЙ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он