БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Баталгаажуулалтын зорилго нь зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох замаар хэрэглэгчийг зөв сонголт хийх, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршдог.

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар нь 1991 оноос эхлэн хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилгоор хөндлөнгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн тохирлын үнэлгээг гүйцэтгэж, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баталгаажуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хамрах хүрээ:

• Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт;
• Үйлчилгээний баталгаажуулалт;
• Импортын бүтээгдэхүүний баталгаажуулалт;
• Экспортын бүтээгдэхүүний баталгаажуулалт;
• Тогтолцооны баталгаажуулалт; (ISO 9001, ISO 14001, ISO 22000, ISO 18001, HACCP)
• “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгох;
Эрх зүйн үндэслэл
• “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” МУ-ын хууль, 2003 он
• Монгол улсын засгийн газрын 127 дугаар тогтоол, 2005 он
• Монгол улсын засгийн газрын 222 дугаар тогтоол, 2003 он
• Тохирлын үнэлгээ – Бүтээгдэхүүн, үйл явц, болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага – MNS ISO IEC 17065
• Тохирлын үнэлгээ – Менежментийн тогтолцооны аудит болон баталгаажуулалт явуулдаг байгууллагад тавих шаардлага – MNS ISO IEC 17021

Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч:

“Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” МУ-ын хуулийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц, тогтолцооны баталгаажуулалтыг олон улсын MNS ISO IEC 17065, MNS ISO IEC 17021 стандартаар итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ.

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар нь жилд дундажаар 60 гаруй аж ахуйн нэгжийн 400 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, 8 нэрийн үйлчилгээ, давхардсан тоогоор 430 гаруй аж ахуйн нэгжийн 600 гаруй нэрийн экспортын бүтээгдэхүүн, 200 гаруй аж ахуй нэгжийн 250 гаруй нэрийн импортын бүтээгдэхүүнийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Мөн 99 аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог гэрчилгээжүүлэн 40 аж ахуй нэгжийн 188 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “ “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрх олгоод байна. 2015 оноос чанарыг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллагад “Үндэсний чанарын шагнал”-ыг олгодог боллоо.

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл ажиллаж, зөвлөл нь удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрийг гаргадаг.

Баталгаажуулалтын ач холбогдол:

• Өрсөлдөх боломж нээгдэнэ
• Үр ашиг бодитоор хэмжигдэнэ
• Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө.
• Брэнд бүтээгдэхүүн бий болно
• Өртөг нэмэгдэнэ
• Хэрэглэгчийн сонголтонд нөлөөлнө
• Ээлтэй орчинд амьдарна
• Бүтээмжийг нэмэгдүүлнэ
• Олон улсын зах зээл бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах боломж нээгдэнэ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он