Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар шинээр 7 стандарт батлав

17030603

2017 оны 2 дугаар сарын 23-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөө болон нийт 5 салбарын 7 стандартыг хэлэлцэн батлалаа.

2017-2018 оны стандартчиллын төлөвлөгөөнд нийт 552 нэгж стандартын төслийн санал ирүүлснээс 481 нэгж стандартыг 55 техникийн хороодын ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

Үүнд:

- Шинээр боловсруулах стандарт /ШБ/ - 175 нэгж стандарт,
- Хянаж шинэчлэх стандарт /ХШ/ -130 нэгж стандарт,
- Олон улсын орчуулж, үндэсний болгох стандарт /ОУ/ -176 нэгж стандарт тус тус байна.

Тус хуралдаанаар баталсан стандарт:

Сүү, Сүүн бүтээгдэхүүний- 2, Эрүүл мэндийн- 3, Нийтлэг үйлчилгээний- 1, Удирдлагын тогтолцооны- 2 стандартыг тус тус батласан.

Сүү сүүн бүтээгдэхүүний стандартад Шимийн архины болон цөцгийн тосны стандартууд орлоо. Малын гаралтай цөцгийн тосыг бусад түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүнээс ялган хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 6.2.7 “... брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү стандартуудыг баталсан.

Харин Эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг эмнэлгийн салбарт нутагшуулах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. Гэнэтийн өвчлөл, осол гэмтлийн үед иргэд анхны тусламжийг бие биедээ үзүүлэх ур чадварт суралцаагүй, зүрхийг автоматаар сэдээгч (AED, дефибриллятор) аппарат байхгүйгээс дийлэнх тохиолдолд осолдогчид эмч очихоос өмнө нас бардаг. Иймээс зүрх зогссон үед хэрэглэх уг аппаратыг монгол хэл дээр ашиглах боломжийг уг стандартад тусгаж өгсөнөөрөө онцлог юм.

Мөн нил улаан туяаны спектроскопи багажийг ашиглан Монгол хүний бөөрний чулууны найрлагыг тодорхойлох аргачлал бий болсноор бөөр, давсагны чулууны гарал үүслийг тогтоох, давсаг бөөрөнд чулуу үүсэх өвчний хагалгааны дараах хоолны дэглэмийг боловсруулах, дахин чулуу үүсэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он