“Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”
олон улсын сургалт Монголд

PAC сургалт

     Ази Номхон далайн орны итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах хөтөлбөр (SANAP)-ийн дор Стандарт, хэмжил зүйн газар нь ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн санхүүжилтээр, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-тай хамтран  Монгол улсад  ISO/TS “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо - Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтыг 2017 оны 7-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад оролцохоор 15 орны 24 хүн хүрэлцэн ирээд байгаа аж.
     Даяаршиж буй энэ цагт хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны биш, олон улсын амин чухал бодлого, эрхэм зорилго болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон.
     Иймээс хүнсний аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бөгөөд тухайн улсын төр, засгаас баримталж буй хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
     Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах боллоо.  Учир нь хоол хүнс нь хүний суурь анхдагч материаллаг хэрэглээ болж улмаар эрүүл аж төрөх, урт удаан наслах эх сурвалж болдог гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.  
   Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан асуудал болоод байна. Улс орны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанартай, аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлд хүнсний сүлжээнд зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
     Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Цаашид олон улсын зарчмын дагуу хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрийн удирдлагын тогтолцоогоор дамжуулан хууль тогтоомж, дүрэм, журмыг ханган биелүүлэхийг шаардаж байна. Иймд энэ чиглэлийн тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарт ажиллагсдын   мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй сургалт болох биз ээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он