ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН – 2017 боллоо

 WQD 2

     Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа.
     “Үндэсний чанарын чуулган”-д Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ. Тухайлбал, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм. Ингэхдээ бид чанарт чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү “Үндэсний чанарын чуулган” хэмээн онцоллоо.
     Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриаг гаргаж байгаа нь бүхий л шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой тогтоох, оролцогч талуудад төвлөрөх, зөв зүйл хийх, үр дүнг бодитоор үнэлж дүгнэх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тэмүүлэлтэй байх зэргээр өдөр бүр манлайллыг үлгэрлэн харуулдаг байхыг  чухалчилжээ.
     Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхд УБИС-ын оруулах хувь нэмэр, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг тус тус амжилттай зохион байгууллаа.
     Түүнчлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 3 дахь жилдээ олгосон юм. Ингээд шилдэг байгууллагаар “Витафит” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр “Агь” ХХК-ын “Лапша” гоймон, шилдэг үйлчилгээгээр “Нью жуулчин тур” ХХК тус тус шалгарсан юм.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он