Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаа

sh

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017.12.16-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.

Энэхүү үйл явдал Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын хяналтын газрын болон Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын байранд явагдсан баШадар сайд Ө.Энхтүвшиналт хайлан гулдмайлах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсоноор эхэлсэн. Үнэт металлын сорьцын хяналтын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар ирсэн. Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгааг ажилтнууд өгүүлсэн.

sh 2

Тухайлбал СХЗГ-т өнөөдөр ашиглаж байгаа эталон тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүд хуучирч, хэмжүүрийн нарийвчлал нь орчин үеийн чанарын шаардлагад нийцэхгүй болоод байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг багаж хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин зөрөөтэй байх тохиолдол гарч байна.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Шадар сайдад агентлагийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан ба Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6196  стандарт мөрдөгдөж байгаагийн 3011-ийг заавал, 3185-ыг сонгон хэрэглэх боломжтойгоор нэвтрүүлээд байгаа нь бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд стандартыг сонгон хэрэглэх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр стандартын 34 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах чухал хөшүүрэг юм. Үндэсний чанарын 2016-2020 оны хөтөлбөрийн дагуу Номхон далайн болон Евразийн бүсэд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн баталгаажуулах стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлууд хэрэгжиж байгаа” гэв. Мөн СХЗГ 2015 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Францын AFNOR байгууллагаас магадласан аудитад амжилттай дүн үзүүлсэн тухай дурдав.

СХЗГ-ын дэд дарга Д.Сүхбаатар “Манай байгууллага нарийн мэрэгшсэн мэргэжилтнүүдтэй. Гэвч төрийн бодлогын алдаанаас болж тэдгээр мэргэжилтнүүдийн залгамж халаа алдагдаад байна. Манай мэргэжилтнүүд шинэ хүмүүсийг ажлын байран дээр дадлагажуулах замаар сургаж байгаа хэдий ч орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй гадаад улс орнуудад мэргэжлийн боловсон хүчинг сургаж бэлдэх шаардлагатай байна” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин СХЗГ-ын удирдлагууд болон ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсний эцэст “УИХ энэ өдрүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хүлээж байгаа билээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэг 2013 онд байгуулагдсанаас хойш 2017 онд Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл СХЗГ-ын хамт олон амжилттай ажилласанд талархал илэрхийлье. Энэ хууль батлагдвал 2018 оны долдугаар сарын1-нээс хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй болно. Стандартчилал, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Санамж бичиг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд тухайлбал, Монгол Улс ОХУ-д ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдах бол тэнд Орос, Монголын стандарт бус, Евразид мөрддөг стандартад нийцсэн байх шаардлага тулгарна. Тиймээс та бүхэн бизнес эрхлэгчдэдээ стандартын талаарх мэдлэг, мэдээллийг олгоход анхаарах ёстой.  

sh 3

Стандарт, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, баталгаажуулалт гэдэг бол шинжлэх ухааны өндөр мэдлэг, инженер техникийн нарийн мэргэшил, түүнчлэн гадаад хэлний ур чадварыг бүрэн эзэмшсэн байхыг ажилтнуудаасаа шаарддаг нь гарцаагүй. Танай байгууллагад тулгарч байгаа санхүүжилтийн, боловсон хүчний болон теник технологи, багаж хэрэгсэл, эталоны асуудалтай танилцаж, ажилтнуудын санаа бодлыг сонссондоо олзуурхаж байна. СХЗГ энэ жилийн орлогоо нэг тэрбум төгрөгөөр давуулсан гэж байгаа ч энэ нь хэрэв аудитын шалгалтаар нотлогдвол тодорхой хувийг танай байгууллага өөртөө хөрөнгө оруулах хэлбэрээр үлдээх боломжийг Засгийн газраас олгосон. Тиймээс би энэ талаар Сангийн яамтай ярих болно. Мөн миний иний бие Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалдгийн хувьд эталоны санхүүжилтэд туслах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг БНХАУ-ын талд тавья” гэв.

Ийнхүү Шадар сайд өөрийн эрхлэх хүрээний харьяа агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын ажил байдалтай танилцаж тус салбарт зайлшгүй шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх чиглэл, үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.   

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он