ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА С.ГАНЦЭЦЭГ: ШҮҮХЭЭС БИДНИЙ НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭСЭН

Ганцэцэг ярилцлага


1. Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Итгэмжлэлийн төв байгуулах асуудлыг хэлэлцүүлж батлуулсан байна. Юун түрүүнд Үндэсний итгэмжлэлийн төв байгуулах болсон тухай яриагаа эхэлбэл зүгээр болов уу?
-    Стандарт, хэмжил зүйн газар нь 2004 оноос эхлэн Ази Номхон Далайн бүс нутаг, Олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулагуудад гишүүнчлэлтэй, итгэмжлэлийн үр дүнг хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэн ажиллаж ирсэн. Энэ хүрээнд олон улсын экспертүүд Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагыг үнэлэхдээ тохирлын үнэлгээний байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажиллаагүй болохыг онцлон, тайландаа дурьдсан байдаг. Ингээд итгэмжлэлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, бие даан үйл ажиллагаа явуулах 2017 онд шинэчлэн баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар дэмжсэн. Тус хуулийг хэрэгжүүлэн, Стандарт, хэмжил зүйн газрын итгэмжлэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах чиг үүргийг  Үндэсний итгэмжлэлийн төвөөр гүйцэтгүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэж, төвийн үйл ажиллагааны дүрмийг баталлаа.
2. Монгол Улс олон улсын жишигт нийцсэн шинэ албатай боллоо гэж байсан. Шинэ төв байгуулагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
-    Үндэсний итгэмжлэлийн төв байгуулагдсанаар Итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх бөгөөд одоогийн тогтолцооны гажиг засагдаж Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой.

3. Сүүлийн үед Стандарт, хэмжил зүйн газартай холбоотой таагүй мэдээллүүд гараад байгаа. Олон улсын байгууллагыг хуурсан гэх мэдээлэл цацагдаад байсан шүү дээ?
-    Авлигачдыг илчилнэ, Авлигачдыг зогсооно нэртэй фейсбүүк хуудсаар  СХЗГ-аас хийж хэрэгжүүлсэн ажлыг үгүйсгэж, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагаар итгэмжлэлийн үндэсний тогтолцоог үнэлүүлэн, хэлэлцээрт нэгдэн орохдоо хуурамч баримт материал гаргаж өгсөн мэт худал мэдээлэл тараан олон нийтийг төөрөгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгохоор эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогыг тодорхойлсон. Засгийн газраас дэвшүлсэн энэхүү  зорилтыг хэрэгжүүлэн, СХЗГ-аас үндэсний итгэмжлэлийн тогтолцоог олон улсыцн байгууллагаар үнэлүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гарган ажилласан. 2016 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 5 орны экспертүүд Монгол улсад ажиллан, итгэмжлэлийн байгууллага, итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг хамтад үнэлж, дэмжсэн чухал үйл явц байлаа. Гэтэл олон нийтэд худал мэдээлэл тараан салбарын хэмжээнд ажиллаж буй төрийн албан хаагчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, Төрийн байгууллага болон Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаа нь маш харамсалтай. Энэ талаар ТЕГ болон ЦЕГ-т бид гомдол гаргаж хуурамч мэдээлэл тараасан фейсбүүк хуудсыг хаалгасан.
4. Бас нэг сөрөг мэдээлэл олон нийтийн мэдээлийн хэрэгслүүдээр яваад байсан. Стандарт, хэмжил зүйн газар “Чанарын менежментийн тогтолцоо”, “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” стандартын хоёр номыг хэвлүүлж, итгэмжлэгдэх гэж байгаа газруудад өндөр үнээр худалдаалдаг гэх мэдээлэл байсан.
-    Энэхүү хоёр стандарт хэвлүүлэх болсон гол учир нь Засгийн газрын тогтоолоор Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх ажлыг хэрэгжүүлэхдээ Олон улсын Стандартчиллын байгууллага (ISO)-аас шинэчлэн баталсан энэхүү 2 стандартыг тохирлын үнэлгээний байгууллагуудад мэдээлэх, соён гэгээрүүлэх, олон улсын үнэлгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор хуулийн дагуу хэвлүүлж зарцуулсан юм. Тиймээс хувьдаа ашигласан ямар ч зүйл байхгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хувьд ашигласан зүйлгүй болохыг албан ёсоор тогтоосон байгаа. Харин олон нийтэд номыг их хэмжээгээр борлуулаад түүнийгээ хувьдаа ашигласан мэтээр бичээд байгаа нь харамсалтай.
5. Хэн ийм мэдээлэл тараагаад байгааг та бүхэн олж мэдсэн үү?
-    Яг үнэндээ манай байгууллагад ажиллаж байгаад ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдсан Б.Ариунаа болон dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нар эдгээр худал мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээсэн нь тогтоогдоод байгаа. Энэ талаар шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэх гаргасан намайг болон СХЗГ-ын удирдлага, нэр бүхий албан хаагчдын нэр төрийг сэргээх, тараасан хэлбэр хэрэгслээрээ залруулга хийлгэхийг dorgio.mn сайтад даалгаж, гэм хор учруулсан гэж зохих нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ бидний хамгийн эмзэглэж байгаа зүйл бол олон нийтэд мэдээлэл түгээдэг сэтгүүлч хүн дутуу дулимаг мэдээлэлд үндэслэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээ, нийтлэл бэлтгэж байгаа явдал юм. Сэтгүүлч хүн, аливаа мэдээллийг гаргахдаа нотолгоо баримттай байх, мөн мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалан аль аль талаас нь нягталж байх ёстой гэж байдаг. Гэтэл сэтгүүлч А.Баярмаа зөвхөн Б.Ариунаагийн захиалгаар нэг талыг баримталсан мэдээ бэлтгэж удаа дараа бидний нэр хүндэд халдаж байгаад нь сэтгүүлчийн ёс зүйд үл нийцэж байна хэмээн үзэж байна.
6. Хар мэдээлэл олонд хүрэхдээ амархан хэрнээ цагаан мэдээллийг тэр бүр анзаараад байдаггүй шүү дээ. Ямартай ч танай хамт олон хар мэдээллийг давсан олон сайхан ажлуудыг хийж байгаа юм байна.
-    Тэгэлгүй яахав. Хэдий манай байгууллагатай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдаж байгаа ч бидний хийж бүтээсэн ажил тун их. Бидний ажлын үр дүнд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төр ба хувийн хэвшлийн хэрэглэгчдэд үндэсний баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэх, баталгаажуулах, гэрчилгээ эзэмших нь цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтойг цохон дурьдах нь зүйтэй болов уу.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он